СУРВАЛЖИЛГА: Өглөө бүр шинэхэн ЦАГААН ИДЭЭ

Өглөө /2022.08.10/-ний 07:30 минут. Нэгэн дэлгүүр хэдийн үүд хаалгаа нээжээ. Улаанбаатар хотод эртлэн үүдээ нээдэг үйлчилгээний газар ховор хэмээн иргэд ундууцдаг. Харин энэхүү дэлгүүр ажил, амралтын өдөр гэлтгүй өдөр бүр тогтмол цагт онгойдгоороо онцлогтой. Энэ бол цагаан идээгээр дагнан үйлдвэрлэлээ дотроо явуулж, бүтээгдэхүүнээ худалдаалдаг “Dairy shop” юм. 

“ЯВСАНЫ ЭЦЭСТ ХҮРНЭ ГЭДЭГ ШИГ ЯГ ТОХИРСОН ГАЗРАА ОЛСОН”

“Dairy shop”-ийнхон хэрэглэгчдээ өдөр бүр шинэ бүтээгдэхүүн хүргэдэг. Үүний тулд өмнөх өдөр нь сүүгээ хөөрүүлэн загсааж, таргаа бүрж, бяслагаа хийж, ээзгийгээ буцалган бэлэн болмогц хөргөдөг. Маргааш худалдаалахыг нь хөргөгчдөө хийж, харин халуунаар нь авах боломжтой бүтээгдэхүүнээ лангуун дээр өрдөг хэмээн дэлгүүрийн эзэгтэй Б.Цэндхүү өөрийн дэлгүүрийн онцлогийн талаар ярив. Тээвэрлэлтийн стандартыг мөрддөггүй манай нөхцөлд эрүүл ахуйн шаардлагыг хангажээ.

Тэрээр дэлгүүрээ байгуулна хэмээн өнгөрсөн жилээс төлөвлөсөн аж. Ингээд ажлаасаа дөрөвдүгээр сард гарч мөрөөдөлдөө хөтлөгджээ. Түүний мөрөөдөлд гэр бүлийн хүн, гэр бүлийнхэн нь хамгийн их дэмжсэн байна. Гэвч боломжтой байршил хайж цаг алдсан байна. Явсны эцэст хүрнэ гэдэг шиг тохирсон газраа олж чаджээ. Засвар хийж, тохижуулахад мөн л хугацаа оржээ. Үүний хажуугаар монголчууд бидний хамгийн том баярын нэг Наадам болж өнгөрсөн.

Энэ зэрэг өөрийн болон өөрөөс хамаарахгүй үйл явдлуудыг туулж дөрвөн сарын дараа дэлгүүрээ нээсэндээ баяртай байгаа нь ярилцах явцад өөрийн эрхгүй мэдрэгдэж байв.

 

Дөнгөж өнгөрсөн 7 хоногт нээгдсэн хэдий ч ойролцоох оршин суугчид мэддэг болжээ. Биднийг ярилцаж байх хооронд хэд хэдэн үйлчлүүлэгч орж ирэв. Тэдний нэг Б.Туяагаас дэлгүүрийн талаарх сэтгэгдлийг асуулаа. Тэрээр “Энүүхэн ойрхон бүх цагаан идээ нь нэг дор байгаа болохоор амар байна. Тэгэхгүй бол тэндээс нэг өрөм, өөр нэг газраас сүү гээд явахад хэцүү байдаг. Манай байрныхан хүртэл сэтгэл хангалуун байгаа. Дандаа шинээрээ байдаг гээд хөгшчүүд ярьдаг” гэсэн юм.

“БҮТЭЭГДЭХҮҮН ХИЙХ ҮЙЛ ЯВЦ БОЛ ДЭЛГҮҮРИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭСЭГ” 

Бүтээгдэхүүн хийх үйл явц бол дэлгүүрийн хамгийн чухал хэсэг. Өчигдөр буцалгаж хөргөсөн сүүнийхээ өрмийг авч савлана. Сүүгээр таргаа бүрж гаргана. Мөн ээзгийг өглөөнөөс эхлэн буцалгаж өдөр гэхэд бэлэн болдог байна. Хайлмаг ч тэр өдөр бэлэн болох бөгөөд оргил ачааллын үе таардаг тул тэр дороо дуусчихдаг гэж хэлэв.

Түүний төрөлжсөн дэлгүүр нээх болсон шалтгаануудын нэг нь хүмүүсийн хэрэгцээнд ойр цагаан идээнй төрөлжсөн дэлгүүр нээх байжээ. Ер нь “Dairy shop” шиг үйлдвэрлэлээ дотроо явуулдаг цагаан идээний төрөлжсөн дэлгүүр хотын олон хэсэгт байвал хэрэгтэй санагдана.

 

“Dairy shop” руу ороход өөрийн эрхгүй ямар нэгэн кафе, кофе шопт орчих вуу даа гэсэн үзэмжтэй, тухтай орчин угтана. Дэлгүүрийн эзэгтэй нэрээ өгөхдөө кофе шоп гэж төсөөлсөн гэдгээ ярьсан.

Тэрээр “Дэлгүүртээ нэр өгөх гэж нэлээн бодсон тэгээд “Coffee shop” шиг англиар нэр өгвөл дээр юм болов уу санагдсан. Тиймээс Dairy shop буюу Сүү, сүүн бүтээгдэхүүний дэлгүүр гэж нэрлэхээр болсон. Цаашид зай талбайгаа ашиглаад сүү, тараг уух боломжтой кафе маягийн болгоно. Бас цөцгий, аарц гээд сүүгээр хийж болох өөр бүтээгдэхүүнүүд хийнэ” хэмээн хүсэл тэмүүлэлтэй ярихыг сонсох урамтай байв.

Тэрээр үргэлжлүүлэн “Шоколад 3500 төгрөгөөс наашгүй болчихсон, хийжүүлсэн ундаа гэхэд 2000 гээд зарагдаж байна. Нэг литр сүү, тараг иймэрхүү үнэтэй. Хүмүүс цагаан идээ хэрэглээд сурчихвал өөрсдөд нь хэрэгтэй л байх” гэлээ. Ингээд бодвол нэг литр тараг аваад оройдоо гэр бүлээрээ хувааж уувал гэр бүлийн уур амьсгал эерэг болохын зэрэгцээ хоолны шингэц сайжирч, унтаж амрахад ч хэрэгтэй ажээ.

Ийнхүү бидний сонирхолтой яриа өндөрлөж дэлгүүрийн эзэгтэй Б.Цэндхүү шинэхэн цагаан идээгээ үйлчлүүлэгчдэдээ зориулан өрж эхлэв. Тус дэлгүүрийн үнэ ханш:

  • Сүү–2,300
  • Тараг–2,300
  • Өрөм–12,000
  • Ааруул /4 төрөл/–25,000
  • Ээзгий–18,000
  • Бяслаг–18,000
  • Шар тос /250 гр/–7,500 тус тус төгрөгийн үнэтэй байна.

 

 

Улаанбаатар хотод соёл уламжлалтайгаа холбогдсон, гэхдээ шинэлэг, өвөрмөц байдлаар ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг газрууд олон болоосой гэсэн бодол төрснийг нуух юун.

Э.МИШЭЭЛ

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *