НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш малчин гэр бүлтэй танилцлаа
Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагад 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр 101 дэх гишүүнээр элсэн орж байв. Түүнээс хойш тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга манай улсад дөрвөн удаа айлчилснаас хамгийн сүүлд 2009 онд Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүүн айлчлал хийсэн түүхтэй.
Тэгвэл 13 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Монгол Улсад албан ёсны айлчлалаа эхлүүлээд байна.
Тэрбээр өнөө өглөө /2022.08.10/ малчны хотод зочилсон бол дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамтаар энхийг сахиулах бэлтгэл хангаж буй алба хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр тэрбээр “Би Монгол Улс, Монголын ард түмний зорилгод талархаж байна. Энхийг сахиулагчдыг хангахаас эхлээд бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг дэмжих хүртэл бүх хувь нэмрээ оруулж ирсэнд талархаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.