СУРВАЛЖИЛГА: Сурагчийн дүрэмт хувцас чанартаа ахадсан үнэтэй байна
Наймдугаар сар тал дундаа орж, хичээл эхлэх өдөр хаяанд ирлээ. Энэ үеэр зах худалдааны төвүүд эцэг эхчүүдийн хөлд дарагдаж, хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцасны худалдан авалт эрэлттэй байдаг билээ. Үүнтэй холбогдуулан бид энэ удаагийнхаа сурвалжилгаар сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар сурвалжиллаа
-“Нарантуул” захад зөвхөн БНХАУ-аас импортоор ирсэн дүрэмт хувцас худалдаалагдаж байна-
“Нарантуул” захын ихэнх лангуу сурагчийн дүрэмт хувцасаар дүүрчээ.
Бага анги: 80,000-90,000
Дунд анги: 100,000-110,000
Ахлах анги: 110,000-120,000 төгрөгийн үнэтэй байв.
Зангиа: 5,000 /Сурагчийн дүрэмт хувцсыг комоор нь авсан тохиолдолд зангиа бэлэглэнэ гэв/
Худалдагчдаас “энэ дүрэмт хувцсыг хаана хийсэн бэ?” гэхэд бүгд л дуу нэгтэйгээр “энд худалдаалагдаж байгаа бүх дүрэмт хувцас урдаас /Эрээн/ орж ирдэг. чанарын хувьд монголд үйлдвэрлэгдэж байгаа дүрэмт хувцаснаас ялгаагүй хэр нь үнэ хямд учир эцэг эхчүүд Нарантуулыг зорьдог. Үнийн тухайд энэ жил сурагчийн дүрэмт хувцас 5-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн” гэв.
-Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдсэн ч чанар нь муу хэвээрээ байна-
Иргэн А: “Манайх ахлах ангийн хоёр хүүхэдтэй. Энэ жил сурагчийн дүрэмт хувцасны үнэ мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Үнээ нэмсэн ч чанар нь авах юмгүй хэвээрээ. Цоо шинээр нь аваад хоёр, гурав угаахад л бөөстөөд эхэлнэ”
Иргэн Н: “Нарантуул захад арай хямд гэж бодоод ийшээ зорьсон. Энд Эрээнээс орж ирсэн сурагчийн дүрэмт хувцаснууд худалдаалагдаж байна лээ. Үнийн хувьд үндэсний үйлдвэрлэлээс хамаагүй хямд. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байв ч үнэтэй болохоор авч чадахгүй байна”
“Шилмэл загвар” ХХК-ийн 2022 онд сурагчийн дүрэмт хувцас худалдаалах үнэ:
Бага анги /эмэгтэй/
-Сарафан 78,000
-Сорочка 32,000
-Зангиа 6,000
Бага анги /эрэгтэй/
– Хүрэм 78,000
– Өмд 49,000
– Сорочка 32,000
– Зангиа 6,000
Дунд анги /эмэгтэй/
– Хүрэм 95,000
– Зангиа 9,000
– Юбка 56,000
– Сорочка 35,000
Дунд анги /эрэгтэй/
– Хүрэм 95,000
– Зангиа 9,000
– Өмд 60,000
– Сорочка 35,000
Ахлах анги /эмэгтэй/
– Хүрэм 108,000
– Зангиа 9,000
– Юбка 58,000
– Юбка /шорттой/ 62,000
– Сорочка 38,000
Ахлах анги /эрэгтэй/
– Хүрэм 120,000
– Зангиа 9,000
– Сорочка 38,000
– Өмд 65,000
-Үндэсний үйлдвэрлэлийн чанар сайн гэж бодоод сонгож байгаа-
Иргэн Х: Жил болгон “Шилмэл” загвараас хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсыг авдаг. Энэ жил 10-30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Монголдоо худалдаалагдаж байгаа дүрэмт хувцаснуудаас хамгийн чанартай нь гэж боддог. Гэхдээ улсын хэмжээнд сурагчдын дүрэмт хувцасны стандарт, чанарт анхаарч биед эвтэйхэн, агаар сайн нэвтрүүлэх тал дээр анхаармаар санагддаг. Хэдэн давхар юм давхарлаж өмсөөд байхаар хэцүү харагддаг.
Иргэн О: Нарантуул, Дүнжингарав захуудаар явж үзсэн. Сурагчдын дүрэмт хувцасны материал нь таалагдаагүй. Бүгд л урдаас орж ирсэн болохоор үнэ нь хямдын хувьд хямд. Гэхдээ материал нь үнэндээ таалагдаагүй.
Сурагчийн цэнхэр цамцны тухайд Хятад цамц 15,000-20,000 төгрөгийн үнэтэй. Үндэсний үйлдвэрлэлийн цамц 35,000 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.
Ж.ХАЛИУН