БНХАУ: Украины хямралын гол буруутан нь АНУ
БНХАУ Украины дайны гол буруутан нь АНУ хэмээсэн байна. Москвад БНХАУ-аас суугаа Элчин сайд Жан Ханхуй ОХУ-ын төрийн өмчит “ТАСС” агентлагт ярилцлага өгөхдөө НАТО-гийн хүрээг өргөсгөж, Оросыг шахалтад оруулсан хэмээн Вашингтоныг буруутгажээ. Мөн тэрбээр АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг шүүмжилсэн байна.
Жан “Украины дайныг эхлүүлсэн, үүссэний гол буруутан нь Вашингтон. Тэгсэн хэрнээ ОХУ-ын өргөн хэмжээний хориг тавьж, Украиныг зэр зэвсгээр хангасаар байна.Тэдний гол зорилго бол дайныг удаан үргэлжлүүлж, эдийн засгийн хориг тавьж ОХУ-ыг буулган авах” хэмээсэн аж. Мөн тэрбээр ОХУ, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ хүрж, өндөр хэмжээний итгэлцэл тогтоосон гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ