Тайванийн сөрөг хүчний намын төлөөлөгчид Хятадын эх газрыг зорьжээ
Тайванийн хамгийн том сөрөг хүчин болох Гоминьдан намын орлогч дарга Эндрю Ся тэргүүтэй төлөөлөгчид Хятадын эх газрыг зорьжээ. Айлчлалын нэг зорилго нь эх газарт суурьшсан Тайванийн бизнес эрхлэгчидтэй уулзах явдал юм гэж арлын төв мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Тус агентлагийн мэдээлж буйгаар, төлөөлөгчдийн төлөвлөгөөнд Бээжинд айлчилж, Хятадын эрх баригчдын төлөөлөгчидтэй улс төрийн яриа хэлцээ зохион байгуулах тухай багтаагүй байна. Улстөрчид тус улсын зүүн ба өмнөд хэсэгт Хөх мөрөн, Сувдан голын бэлчирт орших бүс нутгууд руу очно гэж тэмдэглэжээ.
Коронавирусний тархалттай холбоотойгоор улстөрчид 10 хоногийн хорио цээрийн дэглэм сахих шаардлагатай тул айлчлалын ажлын хэсэг наймдугаар сарын 21-нээс эхлэх аж. Төлөөлөгчид наймдугаар сарын 27-нд Тайваньд буцаж ирэх төлөвтэй байна.
Уг айлчлалтай холбогдуулан Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас мэдэгдэл хийхдээ, бүс нутгийн хурцадмал нөхцөл байдалд “туйлын тохиромжгүй” гэжээ. Харин Тайванийн засаг захиргаанаас энэхүү алхам нь дотоодын улс төрийн санал зөрөлдөөнийг бий болгож, нийгмийг хагаралдуулж, дэлхийн хамтын нийгэмлэгт Тайваньд тулгарч буй сорилт, аюулын талаар буруу ойлголт төрүүлж болзошгүй гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Montsame.mn