АНУ-д 500 гаруй Монгол залуусыг дээд боловсрол эзэмшихэд ивээн тэтгэсэн эрхэм Монгол Улсад айлчилж байна
АНУ-ын их, дээд сургуулиудад Монгол улсаас зуу зуун оюутнуудыг өөрсдийн хүссэн мэргэжлээрээ тэтгэлгээр суралцах боломжийг бүрдүүлсэн эрхэм бол өдгөө 92 насыг зооглож буй АНУ-ын иргэн Ричард Эрнест Күүк юм.
Тэрээр санхүү, эдийн засгийн мэргэжилтэй бөгөөд 35 жил Форд Моторс компанид санхүү эрхэлсэн захирал болон бусад удирдах албан тушаал хашсан ажлын туршлагатай. Ричард Күүк 1994 онд эхнэр Мэри Н.Күүкийн хамт Монголд 2-3 жил сайн дурын хүмүүнлэгийн ажил хийх хугацаандаа Сангийн Яаманд Зөвлөхөөр уригдан ажиллаж, дэлхийн түвшний санхүүгийн системийг Монголд анх нутагшуулах, санхүүгийн мэргэжилтнүүдийг сурган дадлагашуулсан ажээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Сургууль болон Улсын Багшийн Дээд Сургуульд мэргэжлийн ном сурах бичиг нийлүүлэх, тусгай боловсролын болон англи хэлний сургалтуудыг зохион байгуулж байлаа.