Бэлгэвч жирэмслэлтээс хамгаалах ч, БЗХӨ-өөс бүрэн хамгаалж чадахгүй
Саяхныг хүртэл “аюулгүй сексийн” талаар их ярьж, бэлгэвчийг төрөл бүрээр нь сурталчилдаг байсан бол одоо “сексийн хувьсгал” мухардалд орж, бэлгэвчийг биш үнэнч байдлыг, “Энхжингийн цэнгэлийг” бус тохиолдлын бэлгийн харилцааг шууд хориглохыг чухалчилдаг болжээ. Бэлгэвч жирэмслэлтээс хамгаалах нь 95-97 хувьтай гэж үздэг. Гэтэл бэлгэвч ДОХ мэт аймшигт өвчнөөс бүрэн сэргийлэх боломжгүй гэсэн сүүлийн үеийн судалгааны тоо баримт гарчээ. АНУ-ын анагаах ухааны холбооноос эрхлэн гаргадаг сэтгүүлд энгэр зөрүүлсэн хосуудын 17-30 хувь нь ДОХ-ын халдвар авч байсныг нийтэлжээ. Өөр нэг судалгаагаар бэлгэвч хэрэглэсэн 10 тохиолдлын гуравт нь ДОХ-ын вирус дамжиж байсан нь тогтоогдсон байна.
Замбараагүй сексийн харилцаанд орох нь бэлгийн замаар халддаг төрөл бүрийн өвчин тусах аюул ихтэй байдаг. Хламид, бэлэг эрхтний үлд үүсгэгч А, В, С, Д савханцар, трихомнад, кондиломын савханцар зэрэг нь бэлэг эрхтэн дотор үржвэл тодорхой хугацааны дараа тун ноцтой өвчин үүсгэдэг. Эдгээр өвчнүүдийн зарим нь хэзээ ч бүрэн эдгэдэггүй муу хувь тавилантай. Тэгэхээр жинхэнэ аюулгүй секс бол гэрлэлтийнхээ өмнө энгэр зөрүүлж байгаагүй үнэнч нөхөр, үнэнч гэргий хоёрын хоорондын харьцаа юм. Гэвч ийм байж чадаагүй “азгүй тахианууд” нь яах юм бэ гэвэл өдийг хүртэл эрүүл саруул байгаадаа, бурханы авралаар энх мэнд байгаадаа талархан, ирээдүйн амьдралдаа өөрсдийгөө зөв зүйтэй авч явах тухай ганцхан ойлголт л үлдэнэ.
Манай залуучуудын хамгийн чухал чадвар нь “Үгүй” гэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Хэрэв энэ товчхон үгээр өөрийн болон бусдын бэлгийн сэрэл, дур тачаалыг зогсоож чадвал хайртай хүнтэйгээ хир буртаггүй сайхан аз жаргалтай гэр бүл зохиох бүрэн боломжтой болох төдийгүй хайрт хүндээ мөн олны хүндэтгэлийг өөртөө авах юм. Залуу хүн ёс суртахууны зарчимгүй завхай орчинд “Үгүй” гэж хэлж сурах хэрэгтэй гэж дахин дахин хэлмээр байна. Үл бүтэх ном, сэтгүүл, кино, телевизийн нэвтрүүлэгт “Үгүй” гэж хэлвэл өөрийн ухаан, сэтгэл санаагаа элдэв бусын завхай нөлөөллөөс сэргийлж чадна. Энэ үг залуу хүний зүрх сэтгэлд хоногшиж үлдвэл “нүгэл” рүү түлхэж болзошгүй гэнэтийн үед аврагдах болно.
Эцэст нь тэмдэглэхэд нууц юм бүхэн хэзээ нэгэн цагт заавал илэрдэг. Нууц байхгүй үед л хүний сэтгэл амар амгалан, аз жаргалтай байж чаддаг.
Сэтгэл зүйч Я.Батхүү