СОЛОНГОС: Ширүүн борооны улмаас амиа алдсан хүний тоо 14 болжээ
БНСУ-д ширүүн бороо орсны улмаас амиа алдсан хүний тоо 14-т, сураггүй болсон хүний тоо зургаад хүрч нэмэгдсэн талаар холбогдох албаны төлөөлөгчид ням гарагт мэдээлжээ.
Амиа алдсан хүмүүсийн найм нь Сөүл хотод, дөрөв нь Гёнги мужид, хоёр нь Ганвон мужид нас барсан гэж Байгалийн гамшгийн уршгийг арилгах газраас мэдээлсэн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр улсын төвийн нутаг, тэр дундаа Өмнөд Чунчон мужид хүчтэй аадар бороо орж, ням гаргийн өглөө ачааны машин нь урссаны улмаас хоёр хүн сураггүй болжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Гёнги, Ганвон, Өмнөд Чунчон мужид зургаан хүн сураггүй хэвээр байна. Мөн орон даяар 7480 орчим хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлсэн гэж дээрх мэдэгдэлд дурджээ.
Сөүлд өнгөрсөн даваа гаргаас лхагва гаргийн өглөө хүртэл 525 мм хур тунадас унасан бол Сөүлээс зүүн зүгт 45 км зайд орших Янпён тойрогт мөн хугацаанд 526.2 мм хур тунадас унасан гэж Цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.