Шүүхэд шилжсэн 229 хэргийн 132 нь эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байна
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны 8 дугаар сарын 08-наас 12-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 231 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 294 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 7 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 4 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2122 хэрэгт хяналт тавьж, 229 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 132, Өмчлөх эрхийн эсрэг 76, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 17, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 9, Авлигын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 4 хэрэг байна.