АН-ын ЕНБД И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хурал болно
Өнөөдөр буюу 2022.08.17 өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалд холбогдох Шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас болно.
Хэргийн тухай тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Амарбаясгалан Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргалыг МАН-ын нэр хүндэд халдсан хэмээн үзэж шүүхэд хандсан.
Шүүгдэгч И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийг тус шүүх 2022 оны долдугаар сарын 08-ны өдөр хүлээн авч мөн оны наймдугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч хохирогчийн өмгөөлөгч Э.Туулаас “…Ковид-19 өвчний халдвар авч эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Мөн Улсын яллагчаас “…Шүүх хуралдаанд хохирогч Монгол Ардын намын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Амарбатыг биечлэн оролцуулах…” тухай хүсэлт гаргасан учир шүүх И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан юм.