Амины үнэтэй ХӨЛ ХОРИО
БЗД-ийн 26-р хороонд энэ сарын 16-ний шөнө шуурхай хуралдан 17-ны өдрийн 06:00 цагаас эхлэн 5 хоногийн хугацаанд хязгаарлалтын дэглэм тогтоох болсонд тус хорооны иргэд эсэргүүцэн жагссаар байна. Үүнтэй зэрэгцэн тус хороонд байрлах “Элизабет” хотхоноос нэгэн иргэн унаж харамсалтайгаар амь насаа алдлаа.
Хөл хорионд байх үед нь засаг дарга Г.Отгонбаатарыг ажлаас нь түтгэлзүүлсэнд хорооны иргэд дургүйцлээ илэрхийлэн, гарын үсэг цуглуулсан. БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх өөрийг нь шахсаар ажлаас гарахад хүргэсэн тухай Г.Отгонбаатар хэлэхдээ, “2020 оны орон нутгийн сонгуулиар МАН засаг олонхи болсноос хойш АН-ын үед ажиллаж байсан хороодын Засаг даргыг ажлаас гарах, өргөдөл өгөхийг шаардаж, улмаар чөлөөлсөн.
Би дүүргийн 28 хорооноосоо ганцаараа албан тушаалдаа үлдсэн Засаг дарга байсан. БЗД-ийн засаг дарга намайг сүүлийн долоо хоногт өдөр болгон дуудаж, ажлаа өг хэмээн шаардсан. Хөл хорионы тухайд манай хорооны иргэд болон надад урьдчилсан ямар ч мэдээлэл өгөөгүй” хэмээсэн юм.
Нэг нам засгийн олонхийг барихдаа нөгөө намаа нухчин дардаг улс төржилт хөл хориогоор далимдуулан эцэст нь хүний амь нас хохироход хүрлээ. Энэ долоо хоногт тусгаарлалтад байсан 39 настай бүсгүй “Corporate” зочид буудлын цонхоор унан амь насаа алдсан. Хөл хорионд нь, тусгаарлалтад нь иргэд амь насаа алдсаар байхад төр засгийн бодлого шийдвэр иргэдийн эрх ашигт хүрч чадахгүй байна.