“МӨНГӨТЭЙ” бол болно доо
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд албан бус яриагаар “тамхины ишээ хаясан иргэнийг 50 сая төгрөгөөр торго. Мөнгөтэй бол болно шдээ” хэмээн ярьсан бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан даруйдаа шүүмжлэлд өртөж эхлэв.
Тамхины иш хаясан иргэнийг 50 сая төгрөгөөр торгох төрийн өндөрлөг авлига авсан хэдэн гишүүнээ 40 сая төгрөгөөр торгон, ялгүй өнгөрөөж, толгойг нь элсэн удаатай. Гэтэл авлига өгөлцөж авалцахаас илүүтэй тамхины иш хаях нь улс эх орондоо хор хөнөөлтэй гэж хэн мэдэх вэ.
Тамхины иш хортой юу? Хортой. Харахад ус ундааны хуванцар савнаас хэд дахин жижиг хэмжээтэй тул хор хөнөөл бага хэмээн андуурдаг байх. Гэвч тамхи татдаг хүмүүс тамхины ишээ хогийн саванд хийхээс залхуурч, үл тоомсорлосноос болж хэр өргөн цар хүрээтэй хор хөнөөл байгальд төдийгүй түүний экосистем, амьтан ургамал мөн цаашлаад хүмүүс бидэнд учруулж буйг тэр бүр ойлгож, ухамсарладаггүй аж.
Ерөнхий сайд татсан тамхины ишээ хогийн саванд хаячих ухамсаргүй тамхичдыг сургах гэсэн санаа нь зөв болов ч иргэдээ 50 сая төгрөгийн торгуулийн чадамжтай гэж үнэлсэн нь мэдрэмжгүй үйлдэл байв. Харин түүний эл үйлдлийг дэмжив үү гэлтэй “Аюулыг авдарлая-1” тамхины иш түүх уралдааныг 21 аймгийн хэмжээнд нэг сарын хугацаатай зарлажээ. Хамгийн олон сав тамхины иш түүсэн гурван багийг аймаг тус бүрд шалгаруулж, урамшуулж, алдаршуулах аж.
Сард нэг сая төгрөгийн цалинтай иргэн НДШ, ХХОАТ 10% хасагдаад 814,500 төгрөгийг гар дээр авна. Тэгвэл 50 сая төгрөгийн торгуулийг төлөхийн тулд бүх цалингаа ТАВ гаруй жил хурааж хуримтлуулах нь.
Гэтэл Ерөнхий сайд маань “50 саяар торго. Мөнгөтэй бол болно….” гэж хэлсэн албан бус хэдэн үг нь энгийн иргэний таван жилийн хөдөлмөр гэдгийг мэддэггүй юу эсвэл 50 сая түүний хувьд 50 мянга шиг үнэлэгддэг болоо юу…..
Ж.ХАЛИУН