Баруун аймгуудад ажиллаад буцсан хоёр иргэнээс коронавирус илэрчээ
Өвөрхангай аймагт энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотоос очсон эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн чиглэлээр ажилладаг хоёр мэргэжилтнээс коронавирус илэрчээ. Тус хоёр иргэн нь гуравдугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод PCR шинжилгээ өгсөн бөгөөд маргааш нь “сөрөг” гарснаар Өвөрхангай аймаг руу зорчсон байна.
Өвөрхангай аймагт очоод “Өшиг” гэх зочид буудалд байрлаж, 12-ны өдөр Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд тоног төхөөрөмж суурилуулсан байна. Үүний дараа ажлаар баруун аймаг руу зорчжээ. Улмаар эмнэлзүйн шинж тэмдэг илэрснээр 16-ны өдөр Улаанбаатар хотод шинжилгээ өгөхөд өчигдөр буюу гуравдугаар 18-ны өдөр хариу нь эерэг буюу халдвартай гэж гарсан байна.
Аймгийн онцгой комисс өчигдөр /2021.03.18/ 23:00 цагаас эхлэн тус иргэдтэй ойрын болон дам хавьтал болсон, бүсийн оношилгоо эмчилгээний төвөөр үйлчлүүлсэн иргэдийг тогтоож ажиллаж байна. Мөн халдварын голомт болсон “Өшиг” зочид буудал, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түр хугацаагаар хааж, халдваргүйжүүлэлт хийх шийдвэр гаргажээ.