“Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгийн 23 өрх огт малгүй болсон”
УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ.
Өнөөдөр хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар”,
- Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
ХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн болон хүндрэх төлөвтэй Дорноговь, Дунговь, Ховд зэрэг аймагт услын нөөцөд байсан 2.2 тэрбумын үнэ бүхий 3,800 тонн өвсийг үнэгүй, 1,900 тонн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олголоо. Отор нүүдэл хийж буй малчин өрхүүдэд 300 мянган тонн өвс тэжээлийн тусламж үзүүллээ.
Баян-Өлгий Цагааннуур, Увс аймгийн Боршоо хилийн боомтоор малын тэжээл импортлох арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулиар мал амтны бүх төрлийн тэжээлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр энэ төрлийн 65 аж ахуйн нэгжтэй бодлогын гэрээ байгуулсан.
30 гаруй мянган тонн малын тэжээл импортолсон. 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар 674.6 мянган мал хорогдсон. Хамгийн их нь Баянхонгор аймагт 344.9 мянган мал хорогдсон байна. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь аймгийн 6 сумын 23 өрх огт малгүй болсон. 15 сумын 238 өрх малынхаа 50-аас илүү хувийг хорогдуулсан байна” гэлээ.