Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нутагшуулахын өмнө ЁС ЗҮЙД суралцах хэрэгтэй
Монголын хамгийн том хөгжмийн наадмын нэг болох “XMF 2022 music festival” маргааш буюу наймдугаар сарын 19-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж амьд хөгжимд дурлагч залуусын сонорыг мялаан, сэтгэлийг нь дүүргэх нь.
Энэ удаагийн хөгжмийн наадамд “Gucci Gang” дуугаараа дэлхий нийтэд танигдсан АНУ-ын алдартай хөгжмийн уран бүтээлч, реппер Lil Pump уригдан оролцож байгаагаараа онцлогтой.
Мөн зохион байгуулагчдын зүгээс анх удаа Монгол улсдаа дэлхийн хэмжээний од авчирч байгаагаас гадна наадмын зохион байгуулалт, орц гарц, хог хаягдал, үзэгчдийн бие засах өндөр хүчин чадал бүхий шийдэл, experience zone, тайз засал зэрэг наадмыг чанарын өндөр түвшинд хийхээр төлөвлөжээ.
Гэтэл өчигдөр цахим сүлжээнд цацагдсан бие засах газрын зураг цацагдсан даруйдаа хэл амны бай болов. Түүгээр зогсохгүй үзэгчдийн сөрөг сэтгэгдэлд админы өгсөн хариултуудыг онцлох нь зүйтэй болов уу. Саяхан зохион байгуулагдсан “Playtime” наадмын хаалтын өдөр зохион байгуулагчдын нэг нь тайзан дээр гарч үзэгчид рүүгээ “дунд хуруу” гаргаж хүндэтгэлгүй хандсан. Гэтэл XMF наадмын албан ёсны цахим хуудсыг хөтөлж буй админ цахим сүлжээнд бичсэн сөрөг сэтгэгдэл дор бүр “Шээсээ хавчаад оочирлоод зогсож байхдаа таарсан нусан пулимотууд”, одоо нэмж хуцахыг нь харъя” гэж хариу өгөх нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ.
Дэлхийн одыг урьж олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нутагшуулсан тоглолт зохион байгуулж байгаа бол үүнийгээ дагасан ёс зүйтэй байх хэрэгтэй болов уу.