С.Амарсайхан: Автомашины хаягдал баттерейг дахин боловсруулах асуудлыг ШИЙДВЭРЛЭХ шаардлага байна
Дэлхий нийтээрээ хосолсон хөдөлгүүрт буюу hybrid автомашиныг өнөө үед сонгох нь элбэг болсон. Хэдийгээр энэ төрлийн автомашин нь шатахуун бага зарцуулдаг, байгаль экологид ээлтэй ч түүнээс гарах хаягдал баттерейг хэрхэх нь дэлхий нийтэд асуудал дагуулаад буй. Манай улсад ч энэ асуудал тулгамдаад байгааг Шадар сайд С.Амарсайхан “Тоёота сэйлс Монголиа” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Ясуо Оучиг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзах үеэрээ хэллээ.
Байгаль, экологид хортой, хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хаягдал баттерейг цаашид хоргүйжүүлэх, сөрөг нөлөөллийг нь бууруулах тал дээр хамгийн гол нийлүүлэгч болох тус компанитай хамтран ажиллахаар санал солилцож, дараа дараагийн уулзалтуудыг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Зам тээврийн яам зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар тогтлоо.
Шадар сайд энэ үеэр “Манай улсад жилд 80 мянга гаруй автомашиныг Япон улсаас оруулж ирдэг. Энэ нь жилд дунджаар 300 сая ам.доллар гадаад зах зээл рүү урсаж байна гэсэн үг. Энэ тоо цаашид ч нэмэгдэнэ. Хэдийгээр хосолсон хөдөлгүүрт автомашиныг сонгон хэрэглэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлэх ч нөгөө талаасаа хаягдал баттерей их хэмжээгээр хуримтлагдаж буй нь бидний хувьд тулгамдсан асуудал болоод байна. Манай улсад энэ төрлийн хаягдлыг устгах, дахин боловсруулах боломж, нөхцөл одоогоор байхгүй. Тиймээс “Тоёота моторс” корпораци гол нийлүүлэгчийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал баттерейг дахин боловсруулах, сөрөг нөлөөллийг бууруулах асуудалд анхаарал хандуулах цаг нь болсон гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газраас ч энэ чиглэлд анхаарч, Автомашин импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой шаардлага тавих болно” гэсэн юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар, Улсын Их хурлаас төлбөрийн тэнцлийн асуудалд ихээхэн анхаарч ажиллаж буй талаар дурдсан юм. Энэ хүрээнд томоохон импортлогч компани, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах тал дээр хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.