Цаг уурын газрын дарга буруу мэдээ гаргасныхаа төлөө ажлаасаа халагджээ
Унгарын Засгийн газар цаг уурын газрын даргыг орлогчтой нь хамт ажлаас нь халжээ. Учир нь цаг уурчид хүчтэй дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэдээлсний улмаас тус улсын Засгийн газар үндэсний баярт зориулсан ёслолын буудлагаа цуцалсан байна. Гэтэл бороо ороогүй аж.
Гэгээн Иштваны баярын өдрийг Будапешт хотноо наймдугаар сарын 20-ны бямба гарагт тэмдэглэхээр төлөвлөж байв. Унгарыг Христийн шашинтай улс болгосон Иштваныг Унгарыг үндэслэгч гэдэг. 1083 онд Иштван хааныг VII Григорий пап хэмээн өргөмжилжээ.
Тиймээс үндэсний баяраараа 40 мянган салют худалдан авч, Европын хамгийн том ёслолын буудлага зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Салютаа Унгарын нийслэлийн Дунай мөрөн дагуу таван километр газарт 240 цэгт суурилуулжээ. Уг үзүүлбэрийг 2 сая орчим хүн үзэх төлөвтэй байсан аж.
Гэвч уг арга хэмжээ болохоос долоон цагийн өмнө цаг уурчдын өгсөн мэдээллээс болж Засгийн газар салютаа хойшлуулах шийдвэр гаргажээ. Гэтэл долоон цагийн дараа нэг ч дусал бороо ороогүй байна. Аадар бороо чиглэлээ өөрчилж Унгарын зүүн хэсэгт оржээ.
Цаг уурын байгууллагаас буруу мэдээлэл өгч, баярын үйл ажиллагааг цуцалсандаа уучлалт гуйв. Гэвч энэ нь оройтсон байсан бөгөөд Инновац, технологийн сайд Ласло Палкович цаг уурын газрын дарга болон орлогч даргыг нь халсан байна.
Унгарчууд энэ явдалд янз бүрээр ханджээ. Нэг хэсэг нь Засгийн газар цаг уурчдыг халсан шийдвэрийг шүүмжилж, Украинд дайн болж байхад ёслолын буудлага хийх шаардлагагүй байсан гэсэн бол нөгөө хэсэг нь цаг уурчдыг хариуцлагагүй ажиллалаа хэмээж, дараагийн бямба гарагт салют буудуулна гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Эх сурвалж: ВВС