Нийслэлд ес хоногийн хатуу хөл, хорио тогтоох саналыг хүргүүлжээ
Коронавирусийн халдварын тоо өдөрт 200-гаас олон илэрвэл бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүй гэсэн мэдээллийг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өчигдөр (2021.03.18) мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар МУИС-ийн багш нар математик тооцоолол хийж, цаг хугацааны хувьд дараагийн долоо хоногийн төгсгөлөөр 200 гарч эхлэх бөгөөд долоо хоногийн дундаж тоо 200 болох хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 1-нд гэж тооцоолжээ.
“Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг” гэдгийг мөн тодотгосон байна.
Түүнчлэн урьдчилан мэдэгдэж,
- Улаанбаатар хотод гуравдугаар сарын 20-наас 28-ныг дуустал ес хоногийн халдвар тархалтын хурдыг сааруулах зорилгоор бүх нийтийн бэлэн байдал тогтоох,
- Албан байгууллагууд ажлын тав, амралтын дөрвөн хоног буюу нийт ес хоногийн хөл хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг МУИС-ийн багш нар УОК-т хүргүүлжээ.