НҮБ: Дайн эхэлснээс хойш Украинд 1000 орчим хүүхэд шархдаж, амиа алджээ
ОХУ Украин руу довтолж эхэлснээс хойших зургаан сарын хугацаанд тус улсад 1000 орчим хүүхэд шархдаж, амиа алдсан талаар НҮБ-ын Хүүхдийн сан даваа гарагт мэдээлжээ.
Хүүхдийн сангийн мэдээлснээр, 972 хүүхэд хохирсон гэсэн тоо нь зөвхөн НҮБ-аас баталгаажуулсан мэдээлэл бөгөөд бодит тоо үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай байна. Тэдгээр хүүхдийн дийлэнх нь тэсэрч дэлбэрэх зэвсгийн улмаас хохирсон гэж Хүүхдийн сангийн тэргүүн Кэтрин Расселын мэдэгдэлд цохон тэмдэглэжээ.
“Дэлхийн түүхэн дэх бүх дайны нэгэн адил насанд хүрэгчдийн бодлогогүй шийдвэр хүүхдүүдийг ахин маш том эрсдэлд оруулж байна. Хүүхдэд хохирол учруулахгүй ийм төрлийн зэвсэгт ажиллагаа гэж огт байхгүй” гэж тэрбээр бичсэн байна.
К.Расселын хэлснээр, зөрчил мөргөлдөөний хөлд өртөж амь насаа алдсан, шархадсан хүүхдүүдээс гадна “Украины бараг бүх хүүхэд асар эмгэнэлтэй үйл явдлыг нүдээр үзэж, дайнаас зугтсан хүүхдүүд гэр бүлээсээ салах, хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг, хүний наймаанд өртөх эрсдэлтэй тулгарч байна”.
Мөн Украинд хичээлийн шинэ жил долоо хоногийн дараа эхлэх гэж байгаа нь тус улсад хичнээн олон хүүхэд амь насаа алдсаныг сануулж байна гэв. Хүүхдийн сангийн тооцоогоор, Украины 10 сургууль тутмын нэг нь дайны улмаас эвдэрч сүйдсэн байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс хүн ам суурьшсан газруудад тэсрэх бөмбөг хэрэглэх, иргэний байгууламж, дэд бүтцэд халдахыг зогсоохыг уриалсаар байна. Украины Засгийн газар энгийн иргэдийг зориудаар онилж байгаа гэж Оросыг буруутгаж байгаа ч Москва үүнийг үгүйсгэж байгаа юм.