Н.Болортуяа: Хичээл сонголт эхэлчхээд байхад оюутны хөгжлийн зээлээ авч төлбөрөө төлж чадаагүй олон оюутан хохирч байна
Хичээлийн шинэ жил болоход долоо хоног үлджээ. Үүнээс өмнө оюутнууд хичээл сонголтоо хийж,баталгаажуулах хэрэгтэй байдаг. Мөн хичээл сонголт хийхээс өмнө сургалтын төлбөрийг заавал төлөх журамтай. Гэтэл оюутнуудад олгогддог оюутны хөгжлийн зээл олгох эсэх нь эргэлзээтэй, олгосон ч хэдийгээр гэдэг нь тодорхойгүй байгаа юм.
Өнөөдөр /2022.08.25/ МУИС-ийн хичээл сонголт эхэлж байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Байгалийн ухааны салбарын Биотехнологи хөтөлбөрийн гуравдугаар курсийн оюутан Н.Болортуяатай ярилцлаа.
-Хичээл сонголт нь өнөөдөр эхэллээ. Оюутны хөгжлийн зээл хичээл сонголтоос хэдэн өдрийн өмнө зээлийн хүсэлт авдаг вэ?
-Хичээл сонголт эхлэхээс өмнө ойролцоогоор 14 хоногийн өмнө зээлийн хүсэлтийг хүлээж авдаг байсан. Тухайн хугацаанд оюутнуудын зээлийн хүсэлтийг сайтар шалгаад, зээл олгох эсэхийг шийддэг. Гэтэл энэ жилийн тухайд цаг нь тулчхаад байхад тодорхой хариу өгсөнгүй.
-Сургуультайгаа холбогдож асууж лавласан уу?
-Тийм ээ асууж үзсэн. Сургуулийн зээлийн мэргэжилтэн, оюутны зөвлөлийн конгрестэй холбогдсон. Хариуд нь “зээл үргэлжлүүлэн олгоно гэснээс яг хэзээнээс эхэлж олгох нь тодорхой болоогүй байна” гэсэн.
-Хичээл сонголт эхэлж байхад төлбөрөө төлөөгүй байвал юу болох вэ?
-Хичээл сонголт эхлээд 24 цагийн дотор баталгаажуулах шаардлагатай байдаг. Хэрэв 24 цагийн дотор баталгаажуулж чадахгүй бол сонгосон хичээл нь цаанаасаа шууд цуцлагддаг. Оюутны хөгжлийн зээл олгогдохыг хүлээж байгаа олон оюутан байгаа учраас сургууль хичээл сонголтын баталгаажуулах хугацааг сунгаж өгөөсэй гэж хүсэж байна.
-Хичээл сонголт цуцлагдсан тохиолдолд яах вэ?
-Хичээл сонголтоо хийж чадахгүй, үзэх ёстой хичээлээ гүйцэд үзээгүй тохиолдолд төгсөх хугацаа сунжраад 4 жилээр төгсөх байсан бол 4.5 эсвэл 5 жилээр төгсдөг.
-Өмнө нь ийм зүйл тохиолдож байв уу? Хичээл орох цаг нь тулчхаад байхад оюутны хөгжлийн зээл олгогдохгүй хичээл сонголтоо хийж чадахгүй.
-Өнгөрсөн жил яг ийм зүйл болсон. Зээл авахыг хүссэн оюутнууд бүгдээрээ нэгдээд сургуульдаа хүсэлт гаргаж зээлээ авсан. Гэхдээ ер нь зээл олгох нь асуудал ихтэй учраас энэ байдалдаа оюутнууд дасаад эхэлчихсэн.
Угаасаа ингээд цагийн тулгаж байгаад сургууль шийддэг дээ гэсэн байдлаар хандаад байх шиг санагдаж байна. Дээр нь өнгөрсөн жил хичээл сонголт эхэлчихсэн байхад оюутнуудад зээл олгогдох хүртэл түр хугацаанд төлбөрийг чинь төлье. Оюутны хөгжлийн зээл орж ирэхэд сургууль суутгаад авчихна гэсэн. Гэхдээ тухайн жилдээ оюутны хөгжлийн зээл тэр улиралдаа багтаж орж ирээгүй. Дараа нь хүүхдүүд гурван сарын дотор сургуулиас зээлсэн төлбөрөө барагдуулах өрөнд унасан.
-Энэ жилийн тухайд яаж шийдэгдэх бол?
-Өчигдөр /2022.08.24/ сургуулиас зээл авах хүсэлтээ оюутнуудын хүсэлтийг хүлээж авах мэдэгдэл гаргасан. Хүсэлт авч байгаа юм чинь ямар ч байсан зээл олгогдох байх. Гэхдээ хэзээнээс гэдэг нь тодорхойгүй хэвээр байна. Бусад улсын сургууль долоо, найм хоногийн өмнөөс оюунуудынхаа хүсэлтийг хүлээж авсан байсан. Удахгүй болчих байх л гэж найдаж байна.
Ж.ХАЛИУН