Хөвсгөл аймагт 9 хоногийн хөл хорио тогтоов
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд ковид-19 халдварын батлагдсан тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан тус аймагт 9 хоногийн хөл хорио тогтоолоо.
Өнөөдрийн байдлаар тус Цэцэрлэг суманд батлагдсан тохиолдол 12 болсон. Тиймээс Хөвсгөл аймгийн Шуурхай штаб хуралдаж өнөөдрөөс /2021.03.20/ эхлэн 3 дугаар сарын 29-ний 06:00 цаг хүртэл аймгийн хэмжээнд хөл хориог тогтоосон байна.
- Цэцэрлэг, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийн үйл ажиллагаа болон Мөрөн сумын ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдын давтлага, сургалтаас бусад боловсролын үйл ажиллагаа,
- Мөрөн, Цагаан-Уул сумын бүх шатны боловсролын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 0-5 насны хүүхэдтэй ажилтанд байгууллагын хүний нөөцийн нөхцөл боломжтой уялдуулж, цалинтай чөлөө олгох,
- Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа,
- Жагсаал цуглаан, уралдаан тэмцээн, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, цахим болон бүх төрлийн тоглоомын газар, алжаал тайлах төв, дэн буудал, фитнесс, шашны зан үйл, сүм хийд, мөргөлийн газруудын үйл ажиллагаа,
- Зах болон зах орчмын худалдаа үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг дээрх заасан хугацаанд зогсоох,
- Мөрөн сумын хувьд худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2 хоногийн хугацаатай хязгаарлах юм байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ШУУРХАЙ ШТАБ