“Гадаадын сургууль, тэтгэлэгт зуучилна” гэх луйвардагчдын шалгарсан аргуудаас
Дэлхийн хөгжилтэй улс орнуудад, чанартай боловсрол эзэмшихийн тулд “гадаадад сургана” гэсэн зар оруулсан үнэн худал нь мэдэгдэхгүй компаниудад найдаж, байгаа бүхнээрээ хулхидуулж, ээж аавынхаа насаараа хураасан хэдийг нь үрэн таран хийж, зээл авч өрөнд оруулж, иргэдийн итгэл үнэмшил, мөрөөдөл дээр дөрөөлсөн залилангийн гэмт хэргийн тохиолдол олон бий.
Тэгвэл энэ төрлийн гэмт хэргийн золиос болохоос сэргийлэн нэгэн иргэн цахим сүлжээнд луйварчдын шалгарсан хэд хэдэн аргуудаас хуваалцжээ.
Тэдний шалгарсан аргуудаас дурдвал:
1. Зарын дагуу очиход нээх сайхан юм яриад л, ямар ч асуудалгүй, бүх юм болно гэх мэт тархи угаалт эхэлнэ. Өөртөө итгэлтэй сайхан ярина. Тийм юм хаана ч байдаггүй. Ганц нөхрийн хүсэлтээр шууд урилга явуулчихдаг сургууль дэлхийн хаана ч байхгүй.
2. За тэгээд итгүүлснийхээ дараа гэрээ байгуулах, урьдчилгаа, материал бүрдүүлэх, сургуулийн бүртгэл, тэтгэлгийн бүртгэл.. гээд л баахан мөнгө нэхээд авчихна. Энэ бол манай эцэг эхчүүд, оюутнуудын мэдээлэлгүй байдал, гадаад л явж байвал яах вэ гэсэн хэнэггүй байдлыг ашиглаж луйвар хийх шалгарсан арга.
3. Сургуулийн урилга чинь удахгүй ирнэ гээд хүлээлгэчихнэ. Энэ хугацаанд “эхний сургууль чинь зөвшөөрсөнгүй, 2 дахь сургуульд материалыг чинь явуулахад мөнгө хэрэгтэй байна” гэх мэтээр нэмж баахан мөнгө авна.
4. Нэлээн хугацааны дараа “энэ удаа ёстой болсонгүй, ковид/хууль дүрмээс шалтгаалаад ингэсэн байна. Хэрвээ хүсвэл дараагийн семестрт найдвартай. Нэмэлт төлбөр хэрэгтэй” гэх мэтээр дахиад баахан мөнгө авчихна.
5. Эцэст нь, утсаа авахгүй, хаягаа өөрчлөөд алга болчихно. Хуулийн байгууллагад хандахаар баахан гэрээ гаргаж ирээд давж заалдана гээд хэл ам хийгээд суучихна. Залхсан, хажуугаар нь гадаад явах гэж яарсан эцэг эх оюутнууд ихэвчлэн өргөдлөө буцаадаг… Мэдээж бүгд тийм биш. Иймэрхүү зүйл дээр маш болгоомжтой байх хэрэгтэй шүү. Луйварчдыг даврааж, хохирогчдынх нь нэг болохгүй байхыг ахин дахин анхааруулж байгаа шүү!