Отгон их мастер Т.Мөнхзулыг 30 сая төгрөгөөр шагнан, урамшуулав
Энэтхэгийн Ченнай хотод дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 10-нд болж, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Батсайханы удирдлага дор эрэгтэйчүүдийн шигшээ багт Д.Батсүрэн, Г.Амартүвшин, Б.Гүндаваа, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн шигшээ багт А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар онцгой амжилт байгуулсан билээ. Баг тамирчдыг өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүлээн авч уулзан шагнал гардууллаа.
Энэ үеэр дасгалжуулагч С.Ган-Од, Д.Батсүрэн, тамирчин Б.Гүндаваа, Г.Амартүвшин, С.Билгүүн, С.Ган-Эрдэнэ, А.Энхтуул, Б.Баярмаа, Т.Мөнхзул, Д.Мөнхзул, Б.Мөнгөнзул нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны жуух бичгээр шагнаж урамшуулав.
Монголын шатарчдын энэ тэмцээнд үзүүлсэн онцгой амжилтыг дурдвал, дөрөвдүгээр ширээнд тоглосон Б.Мөнгөнзул алтан медаль хүртсэн бол Т.Мөнхзул их мастерын болзол хангасан. Тус тэмцээний шилдэг 20 шатарчны тоонд манай улсын гурван тамирчин багтсан нь бахдууштай амжилт болсон. Мөн нийлбэр дүнгээр шилдэг 30 холбоог нэрлэхэд Монголын шатрын холбоо 24 дүгээр байр эзэлсэн нь онцлууштай. Нэмж мэдээлэхэд Г.Амартүвшин Б.Мөнгөнзул нар Олон улсын мастер цолны болзол хангаж, Б.Нямдаваа Олон улсын шүүгчийн болзол биелүүлжээ.