БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан 5700 тонн мах экспортолно
Засгийн газрын энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар Мэргэжлийн байгууллагын хяналт шалгалтын дүнгээр мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан дулааны аргаар боловсруулсан махыг БНХАУ-д экспортлох ажлыг зохион байгуулах чиглэл өгсөн.
Үүнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас 11 аж ахуйн нэгжийн бэлтгэсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр шаардлага хангасан 5700 тонн махыг экспортод гаргах бэлтгэл ажлыг хянаж байна.
Энэ хүрээнд өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, мэдээлэл зөвлөмж өглөө.
Мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд анхааруулахад:
- Ажлын байр, агуулахын цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг тогтмол хийх,
- Мах, махан бүтээгдэхүүнийг хадгалахдаа стандартын дагуу зориулалтын тавиурт хурааж хэвших, хадгалах,
- Хөлдөөх камерын температурыг тогтмол хянах,
- Хүнсний түүхий эд бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох,
- Лабораторийн шинжилгээний хариу болон баримт бичгийг хадгалж архивлах, бүртгэл хөтлөх,
- Ажилчдыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд 6 сар тутам хамруулах, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гарсан холбогдох дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан дотоод хяналтыг мөрдөж ажиллах шаардлагатай.
Эх сурвалж: МХЕГ