Э.Болормаа: МУ-ын түүхэнд анхны эмэгтэй засаг дарга болох үүрэг хариуцлага оногдуулсанд гүн талархал илэрхийлж байна
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн хуралдаан өнөөдөр болж, Ховд аймгийн Засаг даргыг нэр дэвшүүлж, өргөн мэдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ховд аймгийн Засаг даргад тус аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормаа нэр дэвшсэн.
Нэр дэвшигч Т.Дэлгэрсайхан нэрээ татсан тул төлөөлөгчид ил санал хурааж, Э.Болормааг 73.1 хувийн саналаар дэмжлээ. Монгол Улс 1931 онд засаг захиргааны өөрчлөлт хийж, орчин үеийн аймгуудыг байгуулсан. Гэвч 91 жилийн хугацаанд нэг ч удаа эмэгтэй хүн аймгийн Засаг даргаар томилогдож байгаагүй түүхтэй. Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар сонгож, тэрбээр анхны эмэгтэй аймгийн Засаг даргаар ажиллахаар болж байна.
Э.Болормаа үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тэрбээр “Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн хүсэл эрмэлзлийг өвөртөлж, МУ-ын түүхэнд анхны засаг дарга болох түүхэн үүрэг хариуцлага оногдуулсанд гүн талархал илэрхийлж байна.
Миний бие энэхүү үүрэг хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Монгол Улсын нийт хүн амын тэн хагас хувийг эзэлж, өрх гэрийн тулах багана, өндөр төрийн түших тулгуур болсон эмэгтэйчүүдийн нэр төр, авьяас мэдрэмжийг харуулах боломж гэж харж байна. Мөн сурч эзэмшсэн боловсрол ажлын туршлагаа эх орныхоо хөгжлийн төлөө зориулахыг хүсэж мөрөөддөг шинэ үеийн залуусынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэх түүчээ болж буйгаа ухамсарлаж байна. Тийм ч учраас та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж, төрөлх Ховд нутгийнхаа төлөө хичээнгүйлэн зүтгэх болно.Өнөөдрийн та бүхний сонголт шинэ сэргэлт, шинэ Ховдын эхлэл гэж ойлгож болно” гэлээ.