НАСА сар луу нисэх пуужингийн туршилтаа цуцалжээ
НАСА хүнийг дахин сар луу нисгэх “Space Launch System” буюу “SLS” нэртэй пуужингийн туршилтаа хойшлуулсан байна. Пуужинг удирдах газрын ажилтнууд хөдөлгүүрийг үйл ажиллагаа явуулах тохиромжтой температур хүртэл хөргөж чадаагүй тул ийнхүү туршилтыг цуцалсан аж.
“SLS” нь НАСА-ын бүтээсэн хамгийн том пуужин бөгөөд 100 метр өндөртэй юм. Энэхүү пуужинг “Artemis” төсөлд ашиглан сансрын нисгэгчдийг сар луу дахин хүргэхээр эрдэмтэд төлөвлөж байгаа билээ. НАСА-ын дарга Билл Нелсон тус явдлын талаар “Пуужин зөв ажилладаг болтол бид нисгэхгүй. Энэхүү пуужин нь маш нарийн бүтэцтэй машин билээ” хэмээсэн байна. Хөдөлгүүрт тулгарсан асуудлыг ирэх баасан гарагт (2022.09.02) янзалж дуусна хэмээн НАСА мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
Б.БУЯНДОРЖ