А.Ариунзаяа: Хоёр жилийн хугацаанд намайг дэмжиж хамтран ажилласан нийт хамт олондоо баярлалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг томилох тухай Захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нараа томилов. Шинэ сайд нараас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад томилогдоод буй Д.Сарангэрэл олны анхаарлыг татаад байгаа билээ. Харин суудлаасаа буух болсон А.Ариунзаяа сайд хоёр жилийн хугацаанд хамтран ажилласан хамт олонтойгоо үдэлтээ хийж, амжилт хүслээ.
Тэрээр, “Хоёр жилийн хугацаанд намайг дэмжиж хамтран ажилласан нийт хамт олондоо баярлалаа. Салбарын шинэчлэлээ та бүхэн маань амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна. Тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын тогтолцооны өөрчлөлт, хуримтлалын нэгдсэн сан бодит үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Халамжийн бодлогоо шинэчилж хуулиа батлуулахад алгуурлах ёсгүй. “Халамжаас хөдөлмөрт” бодлогоо үргэлжлүүлье. Нийгмийн даатгалын болон халамжийн олон арван үйлчилгээ цахим болсон. Энэ ажил цаашид илүү сайжрах учиртай. Засгийн газар, УИХ-д өргөн мэдүүлэхээр та бидний боловсруулж буй бусад томоохон хуулиудад манай нийгмийн олон асуудлын гарц шийдэл бий. Та бүхэндээ дахин талархал илэрхийлж амжилт хүсье” хэмээжээ.