Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Анужинг сонгохыг дэмжив

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.08.30/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгогдсон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 27.1-д “Байнгын хорооны даргад Байнгын хорооны гишүүдийн дотроос олонхын саналаар нэр дэвшүүлнэ” гэж заасныг дурдлаа.

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буйг бүлгийн дэд дарга Х.Булгантуяа танилцууллаа.  Нэр дэвшигч Пүрэв-Очирын Анужин 1977 онд төрсөн, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, олон улсын эрх зүйч мэргэжилтэйг танилцуулав.

зураг

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Ж.Чинбүрэн, Ц.Мөнх-Оргил, Ц.Туваан нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен цар тахлын нөлөөгөөр эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийг, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилтийг саатуулж буй асуудал нь эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эмийн үнэ нэмэгдсэн асуудал гэдгийг хэлж, алдааг засах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил Байнгын хороог даргалах амаргүй ажил гэдгийг дурдаад, энэ өндөр босгонд хүрч ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Байнгын хороогоор хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар дурдаж, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахын тулд хуулийн төслүүдийг шуурхай батлуулах талаар үг хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ингээд Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Пүрэв-Очирын Анужинг сонгохыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонхийн саналаар дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *