Г.Батмөрөн: Хүүг аварсны дараа ӨӨРӨӨРӨӨ маш их БАХАРХСАН
Цахим сүлжээнд “SPIDER MAN” нэрээр танигдаад буй Г.Батмөрөнтэй бид ярилцлаа. Тэрбээр, гурван давхрын цонхны гадна талын хүрээн дээрээс унаж эндэх эрсдэлтэй байсан жаалхүүг аврахаар зориг гарган, баатарлаг үйл хийсэн гавьяатай нэгэн юм.
-Сайн байна уу, манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Сайн сайн байна уу? Намайг Гантөмөрийн Батмөрөн гэдэг. 16 настай. СХД-ийн “Өнөр цогцолбор”-ын 82 дугаар сургуулийн 11ё ангид суралцдаг.
-Өчигдөр /2022.08.31/ Тайм тауэр хотхоны гурван давхрын айлын цонхны гадна талын хүрээн дээр бага насны хүүхэд зогсож байсныг “цонх угаагч хүү” аварлаа гээд цахим сүлжээнд чиний хүүг аварч байгаа зураг шуугиуллаа.
-Харин тийм ээ. Өнөөдөр хичээлийн шинэ жил болж ангидаа ирэхэд багш нар, ангийнхан маань алга ташиж угтаж авсан. Аав ээж, ах дүү, ажилд авсан ах гээд бүгд л надад баяр хүргэж, магтаж байгаа.
-Тухайн үйл явдлыг тухай дэлгэрэнгүй яривал..
-Би Тайм тауэр биш өөр барилгын цонх угаах ажилтай явж байсан. Тэгтэл Тайм тауэрын жижүүр ах гурван давхрын цонхны гадна талын хүрээн дээр 5-6 настай хүү зогсож байхыг хараад надаас тусламж хүссэн. Тухайн үед би хүүхдийг эсэн мэнд аврах ёстой гэж бодоод шууд дээшээ гарсан.
-Хүний амь аврах мэдрэмж ямар байсан бэ?
-Хүүг аварсны дараа өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн шүү. Би чадлаа л гэж бодсон.Тэнд байсан хүмүүс намайг доошоо буухад алга ташиж, зураг авч байсан. Цахим сүлжээнд бас миний тухай “монгол spider man”, “баатар” гэх мэт эерэг сэтгэгдэл, мэдээллүүд зөндөө орсон байна лээ. Энэ бүгдээс гоё мэдрэмж авч байна.
-Хүүхдийг авраад цонхоор нь оруулж өгөхөд гэрт нь хүн байсан уу? Хүүхдийн ар гэрийнхэнтэй уулзсан уу?
-Гэртээ байж байсан уу, дөнгөж гэртээ орж ирж таарсан уу мэдэхгүй. Юутай ч хүүхдийг цонхоор оруулахад гэрт нь хүн байсан. Гэхдээ ар гэрийнхэнтэй нь уулзаагүй байгаа.
-Цонх угаадаг ажлаа хэзээнээс хийсэн бэ? Өмнө нь зуны амралтаа ямар ямар ажил хийж байсан бэ?
-Зуны амралтаараа аав ээждээ тус дэмтэй байхаар цагийн ажил хийдэг. Өмнө нь зөөгч, барилгын туслах ажилтан гээд янз янзын ажил хийж байсан. Сарын өмнө манай ах надад цонх угаах ажилд туслах уу гээд дуудсан. Би яг ч өөрөө бие дааж цонх угаадаггүй. Ахдаа туслаад хамт ажилладаг. Одоо хичээл эхэлсэн болохоор ажлаа больж байгаа. Хичээл номдоо анхаарна.
-Цагийн ажил хийхэд ямар нэгэн асуудал, бэрхшээл тулгардаг уу?
-Арван жилийн сурагч болохоор хүүхэд гэж их голдог. Зарим нь цалин мөнгөө өгөхгүй мурих гэх мэт олон асуудлууд байдаг.
-Ирэх жил оюутан болох гэж байгаа юм байна. Ямар мэргэжлээр сурах төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Хууль эрх зүйч, IT инженерээр сурах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бол олон мэргэжил эзэмшсэн мундаг хүн болох хүсэлтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Хичээл сурлагад нь амжилт хүсье.