|

Барилга, хот байгуулалтын салбарт 227 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлж байна

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсч, хөгжсөний 96 жилийн ойн баяр өнөөдөр тохиож байна.

Барилга, хот байгуулалтын салбарт улсын төсвийн хөрөнгөөр энэ онд 1 их наяд 84,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 223,3 сая төгрөгийн санхүүжих дүн бүхий 227 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа аж. Улсын хэмжээнд барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл оны эхний хагас жилийн байдлаар 2 их наяд төгрөг болж, 1.9 (97.1 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын, 56.8 (2.9 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын компани гүйцэтгэжээ. Хагас жилийн байдлаар 8700 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байна.

БХБ-ын сайд Б.Мөнхбаатар ойн баярын өдрөөр барилгын салбарынхандаа баярын мэндчилгээ дэвшүүлэхдээ, -“Алсын хараа-2050″, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан хот, суурин газрын төвлөрлийг сааруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүс бий болгох хүрээнд Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах, эдийн засгийн төрөлжсөн бүс байгуулах ажлыг эхлүүлснийг тэмдэглэв. Цаашид Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймаг, нийслэлийн алслагдсан Багануур, Налайх дүүргийг түшиглэсэн шинэ суурьшлын бүс байгуулахыг бодлогоор дэмжиж, дэд бүтцийг шийдэж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэсэн юм.

Түүнчлэн, барилгын салбарын ажлын байрыг хадгалах зорилгоор ипотекийн зээлийн санхүүжилтэд өнгөрсөн онд 1 их наяд гаруй төгрөг олгож, 13 мянган өрхийг хамруулжээ. “Залуус-1”, “Солонго 1, 2” зэрэг бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл боловсруулж, ажлыг эхлүүлэхэд бэлэн болжээ.

Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт шилжин суурьших болон орон нутагтаа анх удаа орон сууц худалдан авах иргэдэд ипотекийн зээлийн 3 хувийн дэмжлэг, зээлийн урьдчилгаа төлбөрийн 60 хувьд баталгаа гаргахыг шийдүүлсэн байна. Мөн сумын хөгжлийн стратеги боловсруулж, 19 аймгийн 59 сумыг инженерийн дэд бүтцэд холбох ажлыг үе шаттай хэрэгжүүлж эхэллээ. Энэ онд 4 аймгийн 10 сумын инженерийн хангамжийн зураг төслийг боловсруулж, 9 аймгийн 15 суманд барилга угсралт хийж байна. Салбарын гадаад хамтын ажиллагааг тэлж, БНПУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр 5 аймагт цэвэрлэх байгууламж барих, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр нийслэлийн “Ногоон нуур” орчимд 1008 айлын орон сууц барих, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн ажлыг эрчимжүүлж байна.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих төслийг 2015 оноос хэрэгжүүлж, одоогоор 8 аймгийн төвийн бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулжээ.

“Газрын тухай багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг шинэчлэн баталснаар газрын нэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, иргэн, хуулийн этгээд газраа цахим биржээр эдийн засгийн эргэлтэд оруулах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгчдөд нь дундын мэдлийн газрын эрхээр олгох, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, иргэн, хуулийн этгээдэд нөхөх олговор олгох эрх зүйн орчин бүрдэнэ” гэдгийг Б.Мөнхбаатар онцолжээ.

Өнгөрсөн онд гэхэд барилга, хот байгуулалтын салбарт норм, нормативын 46 баримт бичгийг шинээр, шинэчлэн боловсруулж, батлаад мөрдүүлж байна. Цаашид салбарын эрдэм шинжилгээ, судалгааны институт байгуулж, норм, нормативын баримт бичигт үзлэг хийх, хүчин төгөлдөр мөрдөж буй норм, нормативын баримт бичгийг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай хийх аж.

Эх сурвалж: Montsame.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *