Шүүгчийг доромжлон этгээдийг нэг сая төгрөгөөр торгов
Нэр бүхий шүүгчдээс иргэн Н.Э гэгч нь шүүх хуралдааны үеэр шүүх бүрэлдэхүүнд хандан зүй бус үг хэллэг хэрэглэн доромжлох, сүрдүүлэх зэргээр зохисгүй байдал гарган нөлөөлөхийг оролдсон үйлдэлд нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн холбогдох хууль, журамд заасны дагуу нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг.
Иргэн Н.Э-ийн үйлдэлд цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Иргэн Н.Э нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүхэд давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах алба