Төгрөг сумынхан шинэхэн харцага цолтондоо 500 гаруй толгой хонь, адуу бэлэглэжээ
Өвөрхангай аймгийн Төгрөг сумаас 77 жилийн дараа улсын цолтон төрсөн. Тодруулбал тус сумын харьяат Ц.Бямба-Отгон Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд амжилтай барилдаж Монгол Улсын харцага цолтон болсон билээ.
Төгрөг сумынхан шинэхэн харцага цолтондоо хүндэтгэл үзүүлэх мялаалга наадмыг зохион байгуулж, Ц.Бямба-Отгонд гурван өрөө байр, автомашины гараашны хамт гардуулж, 500 гаруй толгой хонь, адуу бэлэглэжээ.
Мялаалга наадмын үеэр улс, аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаан, гурван насны хурдан морины уралдаан, халх сур харваа, шагайн харваа, өсвөрийн бөхийн барилдаан болон шатрын тэмцээнийг зохион байгуулсан байна. Хүчит бөхийн барилдаанд улсын харцага Х.Гантулга түрүүлж, улсын харцага Б.Цэдэнсодном үзүүрлэсэн бол улсын начин Б.Сангисүрэн, аймгийн арслан Л.Батсайхан нар шөвгөрчээ.
Төгрөг сумаас төрсөн улсын начин их, бага хоёр Т.Самдан хэмээх ижил нэрт ах дүү хоёр монгол үндэсний бөхийн түүхэнд тун содон бичигдэж үлджээ. Тэднийг залгамжлан, нутгийн нэрийг дуудуулах гурав дахь улсын цолтон болж тодорсон Ц.Бямба-Отгонд хоёр Самданы үр удмынхан мялаалга наадмын үеэр хүндэтгэл үзүүлсэн байна.