ХОВД: Аймгийн Засаг дарга Э.Болормаа ажлаа хүлээн авлаа
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж, тус аймгийн ИТХ-ын шийдвэрийн дагуу Ховд аймгийн Засаг даргаар Энхбатын Болормаа томилогдлоо.
Шинээр томилогдсон Засаг дарга өнөөдөр ажлаа хүлээн авсан. Үүнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан нар түүнд төрийн тамга, тэмдгийг албан ёсоор гардуулан өгөв.
Монгол Улсын түүхэнд анхны эмэгтэй аймгийн Засаг дарга болох үүрэг хариуцлага хүлээсэн Э.Болормаа сурч эзэмшсэн боловсрол, ажлын туршлагадаа тулгуурлан Ховд нутгийнхаа хөгжлийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.