ОХУ “Nord Stream 1” хоолойг эргэн нээхээ хойшлуулж Европыг сандаргав
ОХУ Герман руу байгалийн хий дамжуулдаг “Nord Stream 1” хийн хоолойг өнөөдөр эргэн ашиглалтад оруулах байснаа хойшлуулж Европыг сандаргав. Тус хоолой нэг шахуургаас хий алдаж байгаа тул өнгөрсөн пүрэв гарагт (2022.09.01) үйл ажиллагааг нь зогсоож засварлаж эхэлсэн. Гэвч Газпром компани баасан гарагт (2022.09.02) хийн нийлүүлэлтийг аюулгүйгээр үргэлжлүүлэх боломжгүй тул тодорхойгүй хугацаа өгөлгүй эргэн нээх өдрийг сунгасан байна.
Москва “Nord Stream 1” хоолойн засварыг барууны орнуудын тавьсан хориг удаашруулж байна гэж өмнө нь мэдэгдсэн. Харин Европын Холбоо ОХУ-ыг байгалийн хийн экспортоо эдийн засгийн зэвсэг болгон хариу арга хэмжээ авч байна гэж үзэж буй. Германы парламентын гадаад харилцааны хорооны дарга Майкл Рот энэхүү нөхцөл байдлын талаар “Энэ бол ОХУ-ын бидний эсрэг хийж буй сэтгэл зүйн дайны нэг хэсэг” гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ