REUTERS: Сар луу нисэх пуужингийн туршилт хоёр дахь удаа бүтэлгүйтэв
Өнгөрсөн даваа гарагт (2022.08.29) НАСА хүнийг дахин сар луу нисгэх “Space Launch System” нэртэй пуужингийн туршилтаа хойшлуулсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус пуужингийн туршилт хоёр дахь удаагаа бүтэлгүйтэж, туршилтын нислэгийг дахин хойшлуулах болсноо НАСА мэдэгджээ.
Кеннедигийн нэрэмжит сансрын төвийн техникчид “SLS” пуужингийн түлшний савнаас шингэн устөрөгч их хэмжээгээр алдаж буйг зогсоож чадахгүй байсан тул нислэгийг хойшлуулсан байна. НАСА устөрөгч алдаж буй асуудалд дүн шинжилгээ хийсний дараа туршилтын нислэгийг хамгийн эртдээ энэ сарын 19-30 хооронд, эсвэл аравдугаар сарын гартал үйлдэх боломжгүй гэж үзжээ. “SLS” нь НАСА-ын бүтээсэн хамгийн том пуужин бөгөөд 100 метр өндөртэй юм. Энэхүү пуужинг “Artemis” төсөлд ашиглан сансрын нисгэгчдийг сар луу дахин хүргэхээр эрдэмтэд төлөвлөж байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ