Зеленьский Европыг хатуу өвөл хүлээж байна хэмээжээ
Москва газрын тос, байгалийн хийн экспортоо багасгасан тул Европыг хатуу өвөл хүлээж байна хэмээн Володимир Зеленьский хэлжээ. ОХУ Европ руу байгалийн хий зөөвөрлөдөг “Nord Stream 1” хоолойг засвар хийх шаардлагатай гэсэн шалтгаанаар тодорхой хугацаа өгөлгүй үйл ажиллагааг нь зогсоосон байгаа.
Зеленьский өдрийн тутам хийдэг мэдэгдлийнхээ дундуур “ОХУ энэ өвөл Европт томоохон цохилт өгөхөөр бэлтгэж байна” хэмээжээ. Москва “Nord Stream 1” хоолойг янзалж, эргэн үйл ажиллагаанд оруулахад барууны орнуудын тавьсан хориг саад тотгор болж байгаа гэж мэдэгдсэн. Харин Европын орнууд ОХУ-ын энергийн экспортоо зэвсэг болгон ашиглаж байна хэмээн шүүмжилжээ. Их Долоон орон өнгөрсөн баасан гарагт (2022.09.02) ОХУ-ын газрын тосны экспортод дээд үнэ тогтоох шийдвэр гаргасан билээ. Үүний дараа Кремль газрын тосны үнэд хязгаар тогтоосон орнуудад экспортоо зогсооно гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ