Б.Батцэцэг: Гадаад улсын ЗГ-ын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгаа
Өнгөрсөн амралтын өдөр цахим сүлжээнд Япон улсын Засгийн газраас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, зээл тусламжийг зогсоож байгаа талаар мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр, “Япон улсын Засгийн газраас манай улсад үзүүлдэг зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдээ зогсоох шийдвэр гарлаа гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан байсан. Энэ бол бодит байдалд огт нийцэхгүй, худал мэдээлэл гэдгийг онцлон хэлмээр байна. Гадаад улсын зарим Засгийн газрын нэрийн өмнөөс худал мэдээлэл тарааж байгаа нь хоёр улсын харилцаа, ард иргэдийн дунд үл ойлголцол үүсгэх , үл итгэлцлийг бий болгох гэсэн хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзэж болохоор байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монгол Улс Япон улстай иж бүрэн стратегийн харилцааг хөгжүүлж байгаа. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаа. Энэхүү ойг тэмдэглэх комиссыг Гадаад харилцааны сайд ахалж буй бөгөөд энэ хүрээнд жилийн туршид 100 гаруй арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Мөн ойг тохиолдуулан Япон улсын Гадаад хэргийн сайд Хаяаши Монголд айлчилсан билээ” хэмээжээ.