Нирвана хамтлагийг шүүхэд өгсөн эрэгтэй ялагджээ
Нирвана хамтлагийн “Nevermind” цомгийн хавтасны зураг болсон эрэгтэй тус хамтлагийг хүүхдийн порнограф үйлдвэрлэсэн хэргээр шүүхэд өгөөд ялагдсан байна. 31 настай Спенсер Элден Нирвана хамтлагийн хоёр гишүүн, гэрэл зурагчин Кирк Уедл болон хэд хэдэн компанийг өөрийнх нь асран хамгаалагчийн зөвшөөрөлгүй зургийг нь ашигласан гэж шүүхэд зарга гаргасан аж.
Мөн түүний гаргасан нэхэмжлэлд “Nevermind” цомгийн нүүр зураг хүүхдийн порнографын эсрэг холбооны хуулийг зөрчсөн гэж бичжээ. Гэвч Лос Анжелесын дүүргийн шүүгч Фернандо Ольгуин нэхэмжлэл үүсгэх 10 жилийн хугацаа хэтэрсэн тул хүлээн аваагүй байна. “Billboard” сайтын олсон шүүхийн баримт бичгээс харвал шүүгч “Заргалдагч нэхэмжлэл үүсгэж болох зөрчил илрүүлснээсээ арван жилийн дотор зарга үүсгээгүй тул шүүх түүний заргийг хугацаа нь хэтэрсэн гэж үзэж байна” гэж бичжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ