Нийслэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн тоо 10 жилийн дотор 50 хувь өсжээ
Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, наймдугаар сарын 27-оос есдүгээр сарын 3-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод авто машины дугаарын хязгаарлалт үйлчилсэн. Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногийн хугацаанд судалгаа хийж, мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт өгсөн байна. Судалгааны дүнг Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулсан.
Авто машиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан найм хоногт Тээврийн цагдаагийн алба анхаарал хандуулж, өргөн бүрэлдэхүүнээр ажилласны дээр жолооч нар шаардлага биелүүлж, дугаарын хязгаарлалтын дагуу зорчиж, иргэдийн хөдөлгөөнд оролцох ухамсар дээшилсний хүчинд энэхүү ажил үр дүнтэй өндөрлөснийг энд онцлон дурдъя. Дугаарын хязгаарлалт эхэлсэн бямба гарагт хамгийн олон буюу 283 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсон бол бусад өдрүүдэд 237-273 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, хөдөлгөөний эрчим 30 гаруй хувиар буурсан.
2021 оны есдүгээр сарын 1-ний өдөр хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурд 7-9 км/ц байсан бол энэ жил 15-20 км/ц байлаа. Дугаарын хязгаарлалтад багтсан нийт замын нийт урт 1350 км. Машиныг тоог давхцуулахгүйгээр тооцоход Улаанбаатар хотод өнөөдөр 642,315 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Энэ нь 2011-2012 онд зорчиж байсан автомашины тоо даруй 50 хувиар өссөн дүн юм. Харин ноднин жилийнхээс таван хувиар өсжээ хэмээлээ.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй авто машины тоо 1,122,644. Тэдгээрээс 57 хувь буюу 642,315 нь нийслэлд бүртгэлтэй. Гэтэл оношилгоонд орж буй машины тоо 351,038 буюу бүртгэлтэй машины 55 хувь. Улсын хэмжээнд ч оношилгооны хувь 52-оос хэтрэхгүй байх жишээтэй. Түүнчлэн 2021 онд 625 мянган зөрчлийн дагуу цахимаар торгууль ногдуулсан бол энэ оны эхний найман сард 560 мянган зөрчил илрүүлж, торгууль ногдуулжээ. Торгууль төлөлт тун чамлам хэмжээнд байгааг мэргэжлийн байгууллагынхан мэдээллээ. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд авто машины бүртгэлийг төгөлдөржүүлж, татвар, оношилгоотой уялдуулах шаардлагатай байна гэж Нийслэлийн Засаг дарга дүгнэсэн. Машин унана гэдэг зардал, мөнгө зарцуулахаас аргагүй хэрэглээ болсныг нийт олонд ойлгуулахын чухлыг ч мөн тодруулсан юм.
Цаашид тээврийн хэрэгслийн бүртгэлийг тодорхой болгох, дугаарын хязгаарлалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах, дугуй, скүүтер, мопед зэрэг дугуйт тээврийн хэрэгслээр зорчих хөдөлгөөнийг дэмжих, нийтийн тээврийн хүртээмжтэй байдлыг хангах, хязгаарлалтын бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгслийг зорчуулахгүй байх, тус бүс дэх авто зогсоолыг төлбөртэй болгох, тус бүсэд зорчих шаардлагатай авто машинуудын талаарх мэдээллийг ил тод өгөх, цахим хяналтыг нэмэгдүүлэх, тээврийн хэрэгсэл болон явган зорчигчийн уулзварыг хоёр түвшинд шилжүүлж, хөдөлгөөн зорчилтыг нэмэгдүүлэх зэрэг саналыг иргэд болон мэргэжлийн байгууллагаас гаргасан байна. Хөдөө, орон нутгийн 100 гаруй мянган иргэд тээврийн хэрэгслээ Улаанбаатар хотод бүртгүүлсэн байх магадлалтайн дээр дугаарын хязгаарлалт үйлчлэх хугацааг үдшийн 20:00 цагаар тогтоосон нь оновчтой биш гэдгийг дээрх судалгаа харуулсан байна. Учир нь 20:00 цагт хөдөлгөөн сийрэг болохгүй байгаа нь энэ удаагийн дугаарын хязгаарлалтын үеийн судалгаанаас харагджээ.