Түр хамгаалах төвийн албан хэрэгцээнд шаардлагатай автомашиныг хүлээлгэн өглөө

Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан, төлөөлөгч Б.Өнөбат болон тус зөвлөлийн холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах төвд ажиллалаа. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэд, хүүхдүүдийг хамгаалах зорилгоор анх 2014 онд байгуулагдсан уг төв жилд 300-350 хүн хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг. Эмч, аргазүйч, сэтгэлзүйч, цагдаа, нийгмийн ажилтан болон бусад шаардлагатай алба хаагчдаас бүрдсэн 23 хүний орон тоотой. “Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох тухай” Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны журам байдаг ч жилдээ 40 орчим хүний хувьсах зардлыг төсөвт тусгадаг. Гэвч энэ нь хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байгаа насанд хүрсэн болон хүүхдийн тоотой харьцуулахад маш бага санхүүжилт бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Нийслэлийн ИТХ-ын даргаас хүслээ.

 

Энэ үеэр мөн тус байрны албан хэрэгцээнд шаардлагатай Starex маркийн автомашин, хэсгийн цагдаа нарын ажлын хэрэгцээнд хэрэгтэй компьютер, лазер принтерүүдийг хүлээлгэн өгсөн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, бага насны хүүхэд эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөхөөс хамгаалан ажиллаж байгаа алба хаагчид “гар мухар” байж болохгүй. Танай байгууллаганы хамт олон, бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг сайжруулахад Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл бүх талаар дэмжин, хамтран ажиллах болно” гэлээ.

 

Энэхүү автомашинаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчлэх, тус төвд хамгаалуулж байгаа сургуулийн насны хүүхдүүдийг сургуульд нь хүргэх, авах…зэрэг үйл ажиллагаанд ашиглах болно гэдгийг тус төвийн дарга, дэд хурандаа Б.Ган-Эрдэнэ онцолсон юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *