Америкт завины осолд орсон монгол бүсгүй эдгэрч, эмнэлгээс гарчээ
АНУ-ын Чикаго хотноо завины сэнсэнд өртөж осолд орсон монгол бүсгүй эмнэлгээс гарсан талаараа өөрийн сошиал хуудаст мэдээлжээ.
Тэрбээр “Өвдөгнөөсөө доош хоёр хөлөө тайруулсны дараа би эмнэлэгт гурван долоо хоног хэвтээд одоо гэртээ ирж, хүүхдүүдтэйгээ хамт байгаадаа маш их баяртай байна. Би гэртээ нөхөн сэргээх эмчилгээгээ үргэлжлүүлэх болно. Нөхөн сэргээх төвийн оронд гэртээ ирсэн тухайгаа удахгүй орох өөр бичлэгтээ тайлбарлая. Намайг дэмжиж, урам хайрласан та бүхэндээ маш их баярлалаа. Би эмнэлгээс гарч буй жаргалтай мөчөөрөө богино хэмжээний видео хийснийг минь хүлээн авна уу. Бүгдэд нь баярлалаа. Та бүхний дэмжлэггүйгээр би эдгэрэх боломжгүй байсан. Цааш үргэлжлэх миний зам их ч жижиг алхам бүрдээ би талархаж байна” гэжээ.
Болсон хэргийг эргэн сануулахад энэ оны наймдугаар сарын 13-ны өдөр Чикаго хотод 12 метр урттай завины сэнсэнд бүсгүй хоёр хөлөө хүнд гэмтээн, тайруулахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм.
34 настай Лана Бат-Очир хоёр хүүхдийн ээж бөгөөд Чикаго хотноо гэр бүлийн хамт амьдардаг. Түүний хэлснээр осол болох үед нөхөр нь амийг нь аварчээ.