Ковид-19 халдвар эрчимтэй нэмэгдэж байгаа тул СБД, СХД, БГД-ийн эмнэлгүүдэд ор нэмжээ

Коронавируст халдварын тархалт нэмэгдэж эрчимтэй буйтай холбогдуулан дүүргийн эмнэлгүүдэд ор нэмж байгаа талаар Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 150 ор, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт тус бүр 100 ор нэмж, хүчин чадлыг сайжруулсан байна.

Өнөөдрийн байдлаар, дээрх эмнэлгүүдэд коронавируст халдварын өвчлөл бүхий 350 хүнийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд хүүхэд 71, насанд хүрэгчид 279 байна. Мөн хоёр өвчтөнийг ХӨСҮТ рүү шилжүүлжээ. Уг 3 эмнэлэгт их эмч 10, сувилагч 10, бусад ажилтан 16 зэрэг нийт 36 эмч, эмнэлгийн мэргэжилтэн 24 цагаар ажиллаж байгаа ажээ.

Үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу цаашид бусад дүүрэгт нэмэлтээр ор дэлгэх зохион байгуулалтын ажлыг хийж байгаа гэнэ.

“Ковид-19” халдварын батлагдсан тохиолдол анх манай улсад бүртгэгдсэн цагаас хойш халдвараар өвчилсөн иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв-2” эмнэлэгт тусгаарлан эмчилгээ, шинжилгээ, ажиглалт, хяналтанд хамруулж байгаа билээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *