Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн үйл явцтай танилцлаа
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлогод “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Энэхүү төсөл нь гурван аймгийн дөрвөн сумын газар нутгийг дамнасан томоохон бүтээн байгуулалтын ажил юм. Одоо төслийн явц геологийн өрөмдлөгийн судалгааны шатанд үргэлжилж байна.
Томилолтын үеэр төсөл хэрэгжих байршлын нутагт амьдарч байгаа малчид, ард иргэдтэй уулзаж, санал солилцжээ.
Малчдын зүгээс аж амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар нөлөөллийн бодит үр дүнг хэлэлцэж шийдвэрлэх, мэдээллийн зөрүүг арилгаж, эргэх харилцаа холбоотой байх саналуудыг гаргалаа.
Иргэд маань Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал чухал гэдгийг ойлгож байна. Харин нөлөөллийн асуудлыг шийдвэрлэх, хяналттай байлгах тал дээр анхаарч ажиллахыг санууллаа. Малчдаас гарч буй эдгээр санал, хүсэлтийг Эрчим хүчний яаманд уламжилж, нөлөөлөлд өртөж буй айл өрх, иргэдтэйгээ байнгын харилцаа холбоотой байж тодорхой шийдэлд хүрэхээр төлөвлөж байна.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ийн төсөл хэрэгжсэнээр дараах ач холбогдолтой. Тухайлбал,
Баруун бүсийн болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах бөгөөд их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.
Баруун бүсийн аймгууд импортын цахилгаан эрчим хүчний хараат байдлаас гарна.
Хүлэмжийн хийг бууруулна. Жилд ойролцоогоор 756,6 мянган тонн нүүрс шатаасантай тэнцэх хэмжээний нүүрсхүчлийн хий /ойролцоогоор 1,3 сая тонн/-н ялгаралтыг бууруулна.
Усан цахилгаан станцын барилгын угсралтын ажлын үед 800 – 1000 хүн түр ажлын байраар, ашиглалтад орсны дараа 60 – 80 хүн байнгын ажлын байраар хангагдана.
Баруун таван аймгууд дотоодын хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор бизнес эрхлэгчдийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэх боломж нэмэгдэж иргэдийн амьжиргаа сайжирч өрхийн орлого нэмэгдэнэ.
Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт зугаалгын болон загасны аж ахуй хөгжүүлэх бүс бий болно.
Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлэх юм.
Бид эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд энэхүү төслийг зайлшгүй урагшлуулах шаардлагатай. Тиймээс бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр онцгойлон анхаарч ажиллана.