Төрийн албан хаагчид монгол бичиг судална
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хэрэгжилтийг хангах, 2025 оноос төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын 144 дүгээр захирамжаар ажлын хэсэг гарч хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр”-ийн 2.1, 2.2 дахь хэсэгт тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Үүнд “Сургалтын агуулга, хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 18-ны өдрийн 299 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтын хөтөлбөр”-өөр Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийг чиглүүлэх богино хугацааны сургалтад хамрагдсан төрийн захиргааны туслах, дэс түшмэлийн ангиллын албан тушаалд нэг жил ажилласан албан хаагч танхимын болон бие даах хэлбэрээр сургалтад хамрагдаж, нийт 11 багц цагийг биелүүлдэг байсан.
Засгийн газрын 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар тогтоол ёсоор Төрийн албан хаагчийн богино болон дунд хугацааны сургалтаар сонгон судлах 10 багц цаг, бие даан заавал судлах “Монгол бичиг”, “Жендэрийн эрх тэгш байдал” хичээл тус бүр нэг багц цаг, төгсөлтийн шалгалт нэг багц цаг, нийт 13 багц цаг биелүүлэхээр сургалтын хөтөлбөрт нэмжээ.