Д.Болд: Би ямар ч асуудал үүсгээгүй
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг эрэн сурвалжилж буй гэх мэдээлэл Цагдаагийн Ерөнхий Газрын цахим хуудсанд өчигдөр /2021.03.21/гарсан. Тэгвэл уг мэдээллийг дуучин Д.Болд үгүйсгэлээ.
Энэ талаар дуучин Д.Болдоос тодруулахад “Худлаа мэдээлэл гарсан байна. Цагдаагийн байгууллагаас мэдээллээ авсан. Надтай холбоотой ийм асуудал байхгүй. Би алга болоогүй. Байдаг газраа байж л байна. Миний утасны дугаар, гэрийн хаяг хэвээрээ байгаа. Реклам сурталчилгаатай холбоотой асуудал үүсээгүй. Тийм асуудал байсан бол аль дээр л шийдэгдэх байсан” гэсэн юм.
Мөн уг асуудалтай холбоотойгоор Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Шүүхийн байгууллагаас дуучин Д.Болдыг эрэн сурвалжлаагүй. Харин дуучин Д.Болдын гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн “Эм Ди Өү” компанийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэрийг 2020 оны тавдугаар сарын 1-нд гаргаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэс рүү тавдугаар сарын 4-нд шийдвэрээ албан бичгээр хүргүүлсэн.” хэмээн мэдээлжээ.