Их Британийн хатан хаан Элизавета 96 насандаа таалал төгслөө
Их Британийн түүхэнд хаан сэнтийд хамгийн удаан буюу 70 жил заларсан хатан хаан II Элизавета Балмарол шилтгээндээ 96 насандаа таалал төгслөө.
Тэрбээр энэ зуны ихэнх хугацааг өнгөрүүлсэн Шотланд дахь цайздаа пүрэв гарагт амар тайвнаар хорвоог орхижээ. Хатан хаан 1952 онд хаан сэнтийд заларсан бөгөөд нийгмийн асар их өөрчлөлтийн гэрч болсон билээ.
Түүний хүү хаан III Чарльз мэдэгдэхдээ, “Хайрт ээж минь таалал төгссөн нь надад төдийгүй гэр бүлийн минь хувьд “туйлын гунигтай мөч” болоод зогсохгүй дэлхий дахин гүнээ эмгэнэн гашуудах үйл явдал боллоо хэмээжээ.
“Хаан Чарльз болон түүний эхнэр, хатан хаан Камилла нар Лондонд баасан гарагт эргэн ирнэ” гэж Букингемийн ордон мэдээлжээ. Тэрбээр баасан гарагт ард түмэндээ хандан үг хэлэх төлөвтэй байна.
Пүрэв гарагт Хатан хааны биеийн байдалд эмч нар санаа зовниж эхэлсний дараа Балморал шилтгээнд хааны удмын гэр бүлийн гишүүд цуглаад байсан юм.
Хатан хаан эмчийн хяналтад орсны дараа түүний бүх хүүхэд Балморалд хүрэлцэн ирсэн бөгөөд угсаа залгамжлагч болж буй ач хүү хунтайж Уилльям болон түүний дүү хунтайж Харри нар ч мөн ирсэн байна.