У.Хүрэлсүх: Монгол инженер, монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартын төмөр зам ашиглалтад орж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт төмөр замчид, инженер, техникийн ажилчид, уурхайчид, баялаг бүтээгчид ээ,
Хүндэт зочид оо,
Та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Аливаа улс орны төдийгүй хүн төрөлхтний хөгжил дэвшлийн түүхэнд авто зам, төмөр зам, дэд бүтцийн бүтээн байгуулалт асар чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс 21 аймаг, 110 сум, суурин газрыг улсынхаа нийслэл Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар бүрэн холбож чадсан. Энэ бол багагүй амжилт.
Тэгвэл өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, та бид хамтдаа энэ түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч туйлын их баяртай байна.
Монгол Улс тэртээ 1955 онд хуучнаар ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжтайгаар хойд, урд хилээ холбосон 1,111 км төмөр зам барьж ашиглалтад оруулж байсан бол 70 шахам жилийн дараа 5,000 гаруй монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа.
Энэ төмөр зам нь 2 өртөө, 6 зөрлөг бүхий, хагас автомат хориглолтой, уулзваргүй, жилд 50 сая тн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай, хөгжлийн хурдасгуур болсон анхны нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын цогц бүтээн байгуулалт гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.
Сүүлийн жилүүдэд цар тахалтай, олон улсын геополитикийн хүндрэл бэрхшээлтэй нөхцөл байдалд байсан хэдий ч энэ төмөр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулж байгаад ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.
Энэ бүтээн байгуулалт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, зөв менежмент, оновчтой бодлого, хариуцлагатай байдал ямар чухал болохыг тод харууллаа.
Тавантолгой -Гашуунсухайтын энэхүү ган зам бол Монгол Улсын хөгжил дэвшил, хөрөнгө оруулалтын төмөр судас юм.
Хөгжлийн энэ зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно.
Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно.
Тухайлбал, Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар 4 дахин буурах нөхцөл, бололцоо бүрдэж байна.
Цаашдаа тээвэрлэлт жигдэрч, ачилтын байгууламж, хилийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тн-оос 50 сая тн хүртэл нэмэгдэж, нүүрсний экспортын орлого 2 дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно.
Төмөр зам ашиглалтад орсноор 2,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.
Түүнчлэн бэлчээрийн доройтол, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол зэрэг экологийн хохирол 74 хувиар буурах тооцоо судалгаа гарсан бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төмөр замын дагуу мод тарьж, ургуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай эрчимжүүлэх явдал чухал юм.
Эх орон, ард түмний язгуур эрх ашгаас дээгүүр аливаа эрх, ашиг сонирхол гэж хэзээ ч байх ёсгүй.
Энэ төмөр замын бүтээн байгуулалт олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, үнэт цаг хугацаа алдаж, улс орны хөгжил дэвшилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг монголчууд бид хэзээ ч мартах ёсгүй.
Тийм учир 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай” 242 дугаар тогтоол гарган, бүтээн байгуулалтын ажлыг түргэн шуурхай эхлүүлж, зоримог, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байснаа эргэн дурсахад таатай байна.
Цаашид экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Ийнхүү Галбын говиор ган зам зурайж, галт тэрэгний зүтгүүр хөгжил дэвшлийн төлөө зүтгэж эхэллээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.