Сурагчдын үдийн хоолны мөнгөнөөс “ТОНОСОН” гэх асуудалд сургуулийн захирал тайлбар хийлээ
Ерөнхий боловсролын 28-р сургуулийн захирал Л.Отгонсүрэн сургуулийн “Үдийн хоол”-ны 1500 төгрөгөөс 850-ыг нь хувьдаа завшсан гэх мэдээлэл сошиал орчинд тархсан. Энэ талаарх мэдээллийг тухайн сургуульд үдийн цайны бүтээгдэхүүн нийлүүлдэг “Болор Есүй” ХХК-ын захирал Ж.Болорчимэг мэдээлсэн юм.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуульд үдийн цай хөтөлбөрт түр орлон гүйцэтгэхээр гэрээ хийж нэг хүүхэд 1500 төгрөгийн гэрээ хийсэн. Гэтэл голоос нь захирал, нярав, нягтлан 850 төгрөгийг 3 хувааж аваад манайхтай 1 хүүхэд 650 төгрөгөөр бодсон. Нэг хүүхдэд улсаас өгч байгаа 1500 төгрөгөө бүтэн авна гэтэл 20-25 сая төгрөгийн ханштай гэнэ” гэх зэргээр бухимдлаа илэрхийлсэн юм.
Энэ асуудалд 28-р сургуулийн захирал Л.Отгонсүрэн тайлбар хийж дараах мэдээллийг өглөө. Тэрээр “Гэрээ хийсэн “Болор-Есүй” компани цагаа тулгаад зарим бүтээгдэхүүнээ нийлүүлэх боломжгүй байгаа тухайгаа бидэнд мэдэгдсэн. Уух зүйлсээ сургууль өөрсдөө аргалаарай гэсэн. Тэгээд бид есдүгээр сарын нэгэнд өөрсдөө чацаргана чанаад уух зүйл бэлдсэн.
Харин нөгөө газар маань 1-нд үдийн цайнд өгөх ёстой бүтээгдэхүүнээ авч ирэхэд тэр нь цэсэнд байсан бүтээгдэхүүн биш байсан. Хүүхдүүддээ цэсний бүтээгдэхүүн биш боловч өгөхөөс өөр аргагүйд хүрсэн.
Гэтэл маргааш нь ахиад л бидэнд ундны зүйл өгч чадахгүй гэсэн хариу ирсэн. Тэгээд уух ундыг тэр компаниас авахаа больсон. Цэсэнд заасан бүтээгдэхүүнээс өөр бүтээгдэхүүн ахин нийлүүлэхэд нь бид хамтран ажиллахаа больж, гэрээгээ дуусган тооцоо хийсэн.
650 төгрөг бол яг тэдний манайд нийлүүлсэн бүтээгдэхүүний үнэ. Харин тэр үлдсэн 850 төгрөгний бүтээгдэхүүнийг тэндээс аваагүй юм. Тэр үлдсэн мөнгийг би ч авах мөнгө биш” гэлээ.