Ногооннуур сумын 70 жилийн ойд Улсын заан Б.Серик түрүүлэв
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам есдүгээр сарын 10-11-нд буюу өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 64 бөх барилдснаас Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Нацагсүрэнгийн Золбоо үзүүрлэв.
Тэд долдугаар сарын сүүлээр Баянхонгор аймгийн түүхт 80 жилээр түрүү булаалдаж харцага давж байсан бол энэ удаа Б.Серик заан даагаа амжилттай нэхэж түрүүлсэн байна.
Харин их шөвөгт Завхан аймгийн Баянтэс сумын харьяат улсын харцага Шархүүгийн Пүрэвгарьд, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат аймгийн хурц арслан Малшийн Еркебулан нар шалгарчээ.