Дарханы замыг ирэх аравдугаар сард нээнэ
Сангийн сайд Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлын явцтай танилцсан. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг Азийн хөгжлийн банкны төслийн хоёр болон дөрөвдүгээр багцын ажлууд хугацааны хоцрогдолтой байгаа.
Хоёрдугаар багцын ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Арж капитал” ХХК, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр БНХАУ-ын Жунмэи Инженеринг групп компаниуд гүйцэтгэж байгаа. “Арж капитал” ХХК-ийн ажлын явц 72.7 хувь, БНХАУ-ын Жунмэи Инженеринг группын ажил 43.7 хувьтай байна. Гэрээгээр бол 2023 оны 3 болон 9 дүгээр сард бүрэн ашиглалтад өгөх ёстой. Гэхдээ энэ оны 10 дугаар сард багтааж замын хучилтыг дуусган замын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.
Дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдмын хөндий хүртэлх 45.08 км авто замын зорчих хөдөлгөөнийг мөн 10 дугаар сард нээхээр ажиллаж байгаа юм.